НҮБ-ын Худалдааг хөгжлийн бага хурал 2016 оноос “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 24 улс хамрагдаж байна. Монгол Улс уг хөтөлбөрт 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хамрагдах болсон. Уг хөтөлбөр нь хоёр үе шаттай бөгөөд эхний шатанд Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны гишүүдэд зориулсан цахим сургалтыг энэ оны эхний улиралд амжилттай зохион байгуулсан. Хөтөлбөрийн дараагийн шатанд ДХБ-ын Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрт тусгасан 36 арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг гарган, үнэлэлт дүгнэлт өгөх ажил амжилттай хэрэгжиж байна.
Үүнтэй уялдуулан НҮБ-ын Худалдааг хөгжлийн бага хурал “Худалдааг Хөнгөвчлөх үйл ажиллагааг шинэчлэх баг”-ийн шилдэг туршлага танилцуулах олон улсын хурал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдан НҮБ, ДХБ болон 24 орны 71 оролцогч оролцон, харилцан мэдээлэл солилцсон.
Энэхүү олон улсын хуралд Монгол Улс, Лесотогийн Вант Улс, Эквадорын Бүгд Найрамдах Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооноос өөрсдийн орны тэргүүн туршлагыг бусад гишүүн орнуудтай хуваалцлаа.
Ноён Даниел Легарда Эквадорын Бүгд Найрамдах Улсын Гадаад Худалдааны дэд сайд “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр нь олон улсын худалдааны тасралтгүй байдлыг ханган ажиллахад дэмжлэг үзүүлж байгаа” талаар хуралдааны үеэр танилцууллаа.
Оролцогчид Монгол Улсаас худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, ажлын арга барилыг сайшаасан.